레이블이 Миса인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시
레이블이 Миса인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시

2016년 1월 10일 일요일

Эзэн биеийг магтаж дуулсугай!

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Эзэн биеийг магтаж дуулсугай!
Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Pange lingua - Sing, My Tongue, the Savior’s Glory)

Гүн утгат Эзэн биеийг
Магтаж дуулсугай.
Жавхлант Эзэн хаан
Үнэ хүнд цусаараа
Ертөнцийг золин авч
Эзэн тэнгэр тахив.

Зарлигаар бидний тулд
Бат охиноос мэндэлж
Хүмүүн дунд нийлэн сууж
Үгийн үрийг түгээн
Нэгэн насны аян замыг
Гайхамшгаар туулав.

Хүнд их үдэшлэгт
Ах дүү нартай сууж
Тогтоолд бичээстэй
Зарчим зарлигийг сахиад
Арван хоёр шавьдаа
Биеэ өгч хүртээв.

Махбодтой ариун үг
Талхыг мах болгож
Үзмийн шүүсийг цус болгон
Үзэгдээгүй гайхамшиг бүтээв
Итгэлийн гэрлээр
Шулуун сэтгэл батадмуй.

Ийм ариун нандин зүйлийг
Үзэж хүндэлмүй
Тэрээр хуучин тогтоолыг
Шинэтгэн өөрчлөв
Итгэлээр үргэлжилж
Оюун мэдрэхүйд тусалмуй.

Төрөгч ба төрөгдөгч нарт
Баяр хийгээд цэнгэл болтугай.
Амар, хүнд, эрхэм хийгээд
Мөн бас сайшаал болтугай.
Эцэг, Хүүгээс гарагч Сүнсэнд
Адилаар магтагдтугай! Амэн.

У. Эзэн минь. Тa тэнгэрээс тэдэнд амин зуулга
буулгaсaн буюу. (Ами. Улир. Аллэлуяа)
Н. Хaмaг цэнгэлээр дүүрэн aдислaлыг өгсөн буюу.
(Ами. Улир. Аллэлуяа)
У. Залбирцгаая: Есүс Христ Эзэн минь, та
тарчлалтынхаа дурсамж тэмдэглэлийг энэхүү
гайхамшигт ариун нандин зүйлээр бидэнд үлдээсэн
билээ. Бид танаас залбиран гуйж байна. Цагаатгалын
үр шимийг ашид хүртэж болохын тул таны ариун бие
ба эрдэнэт цусны гүн утгыг дээдлэх хишгийг бидэнд
хайрлан соёрхоно уу.
Та бол мөнхөд сууринд суугч, мөнхөд амьд байгч
болой. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 172-174 нүүр/

Таныг тахин мөргөе!

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Таныг тахин мөргөе!
Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Adoro te - I Adore Thee)

Үнэн Эзэн таныг тахин мөргөе!
Өнгө дүрсийн дотор нуугдагч аа!
Танд би сэтгэлээ өргөн барья!
Танаар дамжин сэтгэл уужирнам.

Үзэх, амсах, мэдрэхэд хууртагднам.
Үнэн тэнгэрийн үгээр бат мэднэм.
Тэнгэрийн хүүгийн үгийг цөм итгэнэм.
Түүний үг бол туйлын үнэн юм.

Загалмайд нуугдагч тэнгэрлэг чанар буй.
Энэ дотор оршигч тэнгэр хүн буй.
Тэнгэр хийгээд хүмүүнийг бүрэн итгэж
Баруунтайх хулгайчийн гуйлтыг гуйя!

Томас мэт үзмэгц итгэе гэхгүй
Тунгаалт Эзэнээ тахин мөргөе!
Тусаар шагнан, итгэн хайрлаж
Дур хүсэлтэйгээр энэрүүлтүгэй!

Үхлээр биднийг амьдруулав.
Амин хүнс болж биднийг тэжээмүй.
Амьдран тантай нэг болохыг
Амсуулж бидэнд шагнагтун!

Буянт Есүс биднийг нигүүлсэн санагтун!
Бузрыг минь цусаар угаагтун!
Бүлээн дусал цус тань бүх ертөнцийг
Босгон аврах хүчин чадалтай юм.

Нуугдагч Есүсийг үзэж харнам.
Нулимслан хүсэгчийг нигүүлсэн сана!
Нууцыг нээн нүүр тулж
Нүдээрээ үзэх болтугай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 171-172 нүүр/

Тэнгэрлэг Үг бууж байхдаа

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Тэнгэрлэг Үг бууж байхдаа
Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Verbum supernum - The Word of God)

Тэнгэрлэг Үг бууж байхдаа
Эцэгийнхээ баруун гараас үл тавиулаад,
Томилолтоо биелүүлэхээр
Амьдралынхаа зөрлөг дээр ирэв.

Шавь нь хамсаатантайгаа нийлж
Түүнийг үхүүлэхийн цаг ирэхэд
Тэр өөрийгөө амин зуулга болгож
Шавь нартаа урьдаар бэлэглэв.

Бие ба Цусаа давхар тэмдгээр
Тэр тэдэнд өгсөн болохоор
Тэр давхар мөн чанартайгаар
Бүхэл хүнийг тэжээж болно.

Аяа, авралт золиослогч!
Та тэнгэрийн үүдийг нээсэн тул
Өстөн дайснуудыг довтлохуй дор
Та хүчин чадал, дэм тусламжийг хайрлаач!

Тэр мэндэлснээрээ хүн болов.
Тэр ширээнд сууснаараа амин зуулга болов.
Тэр амьсгал хурааснаараа цагаатгал болов.
Тэр хаанчилснаараа шагнал болов.

Аяа, гагц нэг тэнгэрлэг Гурвал минь.
Та өөртэйгөө үүрд мөнх амьдрах
Тэнгэрийн эх орныг бидэнд хайрлана уу.
Танд мөнхийн сүр жавхлан байх болтугай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 170 нүүр/

Сион хот оо, магтагтун!

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)


Сион хот оо, магтагтун!
Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Lauda Sion - Laud, O Zion)

Аяа, Сион хот оо!
Аврагч ба удирдагчаа
Ариун магтаaлаар та магтагтун!
Тэрээр хамаг магтаaлын чанадахь
Тиймийн тул хир хэмжээгээрээ
Түүнийг магтаалаар магтагтун!

Ариун магтаал болох
Ариун нандин зоогт
Арван хоёр шавьд
Аргагүй үнэн өгөгдсөн
Амийн ба амин талх
Ахин бидэнд үзэгдэнэ.

Эвхаристыг үндэслэсэн
Энэхүү зоогийг эргэн санахдаа
Энэ өдрийг баяр ёслол болгогтун!
Тиймийн тул халуун сэтгэлээр
Түүнийг суу алдартай магтаад
Түүнд талархлаа илэрхийлцгээе!

Шинэ хааны тахилын ширээн дээрх
Шинэ дээгүүр өнгөрөх зоогийн
Шинэ тогтоол хуучныг гүйцэтгэнэ.
Тиймийн тул хуучныг шинэ,
Түнэр харанхуйг үнэн болгоод
Тэрхүү сүүдрийг гэрэл гийгүүлнэ

Оройн зоог дээрээ Христ
Өөрийн тэмдэглэсэн зүйлсийг
Өөрийн дурсгалд үйлд хэмээн тушаасан
Түүний ариунаар тогтоосон тогтоолоор
Тахилын авралд өргөлт дарс ба
Талхыг бид аравнайлна.

Түүний биеийг тус талх болгосон,
Түүний цусыг тус дарсанд хувиргасан,
Тийм гүн номлол итгэгчдэд соёрхогдоно.
Эс ойлгогдох, эс үзэгдэх зүйлсийг
Эрэлхэг зоригтой итгэл бишрэл нь
Энгийн зүйлсийн чанадад бататгана.

Эд юм бус атал тэмдэг нь
Энэхүү гайхамшигтай зүйлсийг
Эдгээр өөр зүйлсийн дор далдална
Бүхэл Христ одоо цустай аяга,
Бодит амин зуулга болж
Бидний хоёр зүйлсийн дор оршино.

Үл хагарсан, үл хэсэглэгдсэн
Үл хуваагдсан бүхэл бүтэн
Үүнийг бид хүлээн авна.
Ганц хүн байвч, мянган хүн боловч
Газар энд байвч, газар тэнд боловч
Гагц нэг амин зуулга үл барагдана.

Алив саар муу эсхүл сайн сайхан
Амьд явах эсхүл мөхөж сөнөх
Ав адилгүй хувь заяа.
Амьдрах сайхан, үхэх муухай
Ав адилхан амин зуулга
Ав адилгүй хувь заяа.

Ариун зүйлийг хуваахад
Алив хэсэг дотор
Бүхэл бүтэн чанар оршдогийг
Бүү сэжиглэ, харин санагтун!
Гадаад тэмдгийг хуваахад
Ганц зүйл ч өөрчлөгдөхгүй
Басхүү нэгэн хэлбэр дүрс ба
Байдал төлөв нь оршсоор байдаг юм.

Харваас, тэнгэр элчүүдийн талхыг
Аян замын амин зуулга болгоно.
Харваас, хөвгүүдийн үнэн талхыг
Анч нохойн хоол үүрд үл болгоно.
Дээр цагаас бэлтгэсэн, Исаакийн золиос,
Дээгүүр өнгөрөхийн золиос дахь хурга,
Дээд эцгүүдэд өгөгдсөн маннагаар
Дүрсийг зөгнөж бэлгэдсэн байсан юм.

Та, Есүс, бидний өршөөл нигүүлсэл.
Та сайн хоньчин ба амин талх.
Та биднийг тэжээж, биднийг хамгаална.
Та энэхэн газар дээр
Бидэнд сайн сайхныг харуулна.
Та бүхнийг мэдэгч, бүгдийг чадагч.
Та биднийг тэжээж, биднийг удирдана.
Тантай хамт одоо бид талхыг хуваалцана.
Та цаашид гэгээнтнүүдийнхээ хамтаар
Биднийг ариун гэгээн болгоно уу.
Амэн. Аллэлуяа!


/Даатгал залбирлын СУДАР ном, 167-169 нүүр/

Ариун баяр ёслолын үед

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Ариун баяр ёслолын үед
Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Sacris sollemniis - At This Our Solemn Feast)

Баяр ёслолын үед
Баяртайгаар нэгдэцгээе!
Бүхий зүрх сэтгэлээсээ
Баярт магтаалыг дуулцгаая!
Бидний хуучин эцэслэж,
Бүх сэтгэл, бүх үг, бүх үйлст
Бүгд шинэтгэгдэн өөрчлөгдөв.

Өвөг дээдсийн
Өв тахилгын ёсоор
Хурга ба талх болсон
Христ ах дүү нартайгаа
Хуваалцаж, барьсан
Оройн зоогийг
Дурсан санацгаая!

Баярын хургыг зооглохуй дор
Баяр ёслол өндөрлөж,
Эзэн өөрийн биеийг
Бүхий бүгдэд
Бүхэл нэг мэтээр
Элч нартаа гараараа өгснийг
Бид батад итгэнэ.

Тэрээр талх болох биеэ
Тэдэнд өгч,
Тэрээр цусныхаа аягыг
Тэдэнд өгч,
Тэдэнд хэлэхдээ:
Та нар бүгд үүнийг ав,
Тэгээд үүнээс уу.

Тэрээр тахилыг ийн
Тогтоосон бөгөөд
Тэрээр гагц санваартнуудаа
Түүнийг өргүүлэхээр томилов.
Тиймийн тулд тэд
Түүнийг өргөхдөө өөрсдөө авч,
Түүнийг өрөөлд өгөх зохистой.

Тэнгэр элчүүдийн талх,
Хүмүүсийн талх болох
Тэнгэрлэг амин талх
Эцсийн хэлбэр дүрс болсон.
Тарчиг ядуу, даруу зардас нь
Эзэнээ эзэмшиж болно.
Аяа, гайхамшигт зүйл!

Аяа, гагц нэг тэнгэрлэг Гурвал минь.
Таны орших гэрлийг хүртэхийн тул
Та өөрийн зам мөрөөр
Биднийг удирдан зална уу.
Таныг бид магтахуй цаг дор
Та бидэнд хүрч ирнэ үү хэмээн
Бид танаас залбиран гуйж байна. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 165-166 нүүр/

Ийм Ариун Нандин Зүйл

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Ийм Ариун Нандин Зүйл
Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Tantum ergo - Down in Adoration Failing)

Ийм Ариун Нандин Зүйлийг
Үзэж хүндэлмүй
Тэрээр хуучин тогтоолыг
Шинэтгэн өөрчлөв
Итгэлээр үргэлжилж
Оюун мэдрэхүйд тусалмуй.

Төрөгч ба төрөгдөгч нарт
Баяр хийгээд цэнгэл болтугай.
Амар, хүнд, эрхэм хийгээд
Мөн бас сайшаал болтугай.
Эцэг, Хүүгээс гарагч Сүнсэнд
Адилаар магтагдтугай! Амэн.

У. Эзэн минь. Тa тэнгэрээс тэдэнд амин зуулга
буулгaсaн буюу. (Ами. Улир. Аллэлуяа)
Н. Хaмaг цэнгэлээр дүүрэн aдислaлыг өгсөн буюу.
(Ами. Улир. Аллэлуяа)
У. Залбирцгаая: Есүс Христ Эзэн минь, та
тарчлалтынхаа дурсамж тэмдэглэлийг энэхүү
гайхамшигт ариун нандин зүйлээр бидэнд үлдээсэн
билээ.
Бид танаас залбиран гуйж байна. Цагаатгалын үр
шимийг ашид хүртэж болохын тул таны ариун бие
ба эрдэнэт цусны гүн утгыг дээдлэх хишгийг бидэнд
хайрлан соёрхоно уу.
Та бол мөнхөд сууринд суугч, мөнхөд амьд байгч
болой. Амэн.

Ерөөлтэй еэ, Тэнгэрбурхан ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний эрхэм дээд алдар ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, үнэн Тэнгэрбурхан, үнэн хүн Есүс
Христ ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Есүсийн алдар ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний Ариун Нандин Зүрх ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний Эрдэнэт Цус ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, тахилын ширээний Адислагдсан Ариун
Нандин Зүйл дэх Есүс ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Ариун Сүнс тайтгаруулагч ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Христийн тэнсэлгүй Эх, туйлын ариун
Мариа ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний язгуурын гэм нүгэлгүй ариун үр
тогтолт ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний тэнгэрт залагдан алдаршихуй
ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, Эх бөгөөд Цэвэр Охин Мариагийн
алдар ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, түүний бат журамт нөхөр Иосеф
ерөөлтэй еэ!
Ерөөлтэй еэ, тэнгэр элч нар болон гэгээнтнүүдийн
дундах Тэнгэрбурхан ерөөлтэй еэ! Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 163-165 нүүр/

Шүтээний ёслолт тахилгад зориулсан даатгал залбирал

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Шүтээний ёслолт тахилгад зориулсан
даатгал залбирал
(Oratio ad adorationem eucharisticam - Prayer at Adoration)

Эзэн Есүс Христ минь. Та зүрх сэтгэлийнхээ гүнээс
мөнх Эцэгийг шүтэн биширдэг бөгөөд та түүнээс
Ариун Сүнсний энэрэл хайранд гялалзсан Хүү болж
гарсан билээ.
Та биднийг зүрх сэтгэлдээ татан ойртуулна уу.
Тиймийн тул таны тэнгэрлэг Хүүгийн байдлыг
хуваалцахдаа бид таны төсөөгөөр биднийг бүтээсэн
Эцэгийг шүтэн бишрэх болно.
Тэнгэрлэг Эцэг минь. Та Хүүгийнхээ зүрх сэтгэлээр
илчлэгдсэн энэрэл хайрын зүгт таныг үл мэдэгчдийг

удирдан зална уу. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 163 нүүр/

Тахилын ширээнээс холдох залбирал

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Тахилын ширээнээс холдох залбирал
Сиро-Маронитын уламжлалт залбирал
(Ex traditione syrorum maronitarum -
Syro-Maronite Farewell to the Altar)

Аяа, тэнгэрлэг тахилын ширээ, танд амар амгалан
байх болтугай.
Танаас хүртсэн тахил нь гэм нүглийг өршөөх хийгээд
өрийг цайруулахад үр шимтэй байх болтугай.
Тэр тахил намайг Христийн шүүхийн өмнө
сандралгүйгээр, тамын ялгүйгээр бат зогсоох
болтугай.
Тан руу эргэн ирж, шинэ тахилыг өргөх учрал тохиох
эсэхийг би үл мэднэ.
Тэнгэрийн Эзэн, та намайг сахин хамгаална уу, та
аврал ба үнэний зам мөр болох ариун Шашнаа сахин
өмгөөлнө үү. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 162 нүүр/

Сангийн залбирал

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Сангийн залбирал
Коптын уламжлалт залбирал
(Ex traditione coptica - Coptic Incense Prayer)
Аяа, амар амгалангийн Хаан минь ээ, та бидэнд амар
амгалангаа хайрлаж, гэм нүглийг маань өршөөн
соёрхоно уу.
Тэрс үзэлтнийг Шашнаас сарниулж, Шашныг огоот
сүйрүүлэхгүйн тул та түүнийг сахин өмгөөлнө үү.
Иммануел Тэнгэрбурхан. Тэрээр Эцэг ба Ариун
Сүнсний сүр жавхланд хийгээд бидэнтэй хамт
байдаг юм. Тэрээр биднийг адислаж, бидний
сэтгэлийг ариусгаж, бидний сүнс ба биеийн өвчнийг
илаарьшуулах болтугай.
Аяа, Христ минь. Та биднийг аврахаар ирсний тул
бид таныг төгс энэрэнгүй Эцэг ба Ариун Сүнсний
тань хамт тахин шүтмү. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 161-162 нүүр/

Аяа, авралт золиослогч

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Аяа, авралт золиослогч
Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(O salutaris hostia - O Saving Victim)


Аяа, авралт золиослогч!
Та тэнгэрийн үүдийг нээсэн тул
Өстөн дайснуудыг довтлохуй дор
Та хүчин чадал, дэм тусламжийг хайрлаач!
Аяа, гагц нэг тэнгэрлэг Гурвал минь.
Та өөртэйгөө үүрд мөнх амьдрах
Тэнгэрийн эх орныг бидэнд хайрлана уу
Танд мөнхийн сүр жавхлан байх болтугай. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 161 нүүр/

Өөрийгөө өргөн барих өчиг

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Өөрийгөө өргөн барих өчиг
Лоёола нутгийн Игнасиус гэгээнтэн (1491-1556)
(Oblatio sui sive Suscipe -
Prayer of Self-Dedication to Jesus Christ)

Эзэн, та миний бүхэл эрх чөлөөг таалан авна уу. Та
миний ой ухаан, миний оюун ухаан, миний бүхэл
дур зоригийг хүлээн авна уу. Хамаг эзэмших зүйлс
минь таны өгөөмөр билиг байдаг бөгөөд таны дур
таалал намайг удирдан залахын тулд би энэ бүгдийг
тандаа эгүүлэн өгнө өө. Таны хайр дурлал ба хишиг
ивээлд миний сэтгэл хангалуун байдаг тул та надад
эдгээрийг хайрлана уу. Өөр юуг ч танаас үл гуйна.
Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 161 нүүр/

Христийн сүнс

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Христийн сүнс
(Anima Christi - Soul of Christ)

Христийн сүнс
 намайг ариун болготугай!
Христийн бие
 намайг авартугай!
Христийн цус
 намайг согтоотугай!
Христийн хавирганы ус
 намайг угаатугай!
Христийн тарчлалт
 намайг хүчтэй болготугай!

Сайн Есүс ээ! Намайг сонсон соёрхтугай!
Намайг олон шархныхаа
дотор хоргодуултугай!
Намайг өөрөөсөө бүү салгатугай!
Намайг сүнсний зальт дайснаас хамгаалтугай!
Намайг үхэхийн цагт дуудтугай!
Бас гэгээнтнүүдийн тань хамтаар
Таныг мөнхөд магтахын тулд
Намайг өөрийнхөө өмнө ирүүлтүгэй! Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 160 нүүр/

Акуйно нутгийн Томас гэгээнтний зохиосон Талархал-магтаалын мөргөлийн дараах даатгал залбирал

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Акуйно нутгийн Томас гэгээнтний зохиосон
Талархал-магтаалын мөргөлийн дараах
даатгал залбирал
Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Oratio Sancti Thomae Aquinatis Post Missam -
Prayer of Saint Thomas Aquinas after mass)

Аяа, Эзэн, ариун Эцэг, төгс хүчит, мөнхийн
Тэнгэрбурхан минь. Миний гавьяагаар бус харин гагц
өөрийн өршөөлөөр уламжлан та Хүүгийнхээ эрдэнэт
Бие ба Цусаар гэм нүгэлтэн мөхөс намайг тэжээсний
тул би танд гүн талархлаа илэрхийлж байна. Уг ариун
нандин нэгдэл надад ял шийтгэлийн учралыг бус,
харин авралын зуучлалыг хүртээх болтугай хэмээн
би залбирч байна. Тэр надад итгэл бишрэлийн хуяг
ба дур зоригийн дуулга болох болтугай. Тэр миний
сөрөг гажлаас тонилж, миний махан биеийн хүсэл
тачаалыг дийлэх болтугай. Тэр энэрэл хайр ба тэсвэр
тэвчээр, төлөв даруу ба дуулгавартай байдал, хамаг
эрдэм буяныг өсгөн олшруулах болтугай. Тэр үзэгдэх
ба эс үзэгдэх миний хамаг өстөн дайснуудын эсрэг
бат бэх хэрэм болж, миний биет ба сүнслэг хамаг
хөөрлийг төгс тайвшруулах болтугай. Тэр намайг
үнэн Тэнгэрбурхан болох тантай нягт нэгтгэж,
эцэст тантай хамт мөнхийн аз жаргалыг хүртэх
болготугай. Мөн түүнчлэн та, Хүү, Ариун Сүнстэй
хамт Гэгээнтнүүдийн үнэн гэгээн гэрэл, бялхам
жаргалан, мөнхийн баяр хөөр, дуусашгүй хангалуун
аж амьдрал, төгс аз жаргал болох өгүүлж баршгүй
энэхүү зоогт гэм нүгэлтэн мөхөс намайг удирдан
зална уу хэмээн танаас залбиран гуйж байна. Есүс
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 159-160 нүүр/

Сүнслэг нэгдлийн өчиг

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)


Сүнслэг нэгдлийн өчиг
Де Лигори Алфонц Мариа (1696-1787)
(Actus communionis spiritualis - Act of Spiritual Communion)

Есүс минь ээ! Та Адислагдсан Ариун Зүйлст оршдог
гэдэгт би итгэн биширнэ. Би хамаг зүйлсээс илүүтэй
танд хайртай бөгөөд таны оршихуйг сүнснийхээ
дотор эрмэлзэж байна. Би таныг үндсэн ёслолоор
уламжлан хүлээн авч чадахгүй тул наанадаж, та
миний зүрх сэтгэлд сүнслэг зам мөрөөр ирнэ үү.
Таныг тэнд байдгийн адилаар би таныг тэврээд, би
өөрөө тантай бүхлээрээ нэгдэнэ. Намайг өөрөөсөө
үүрд үл холдуулна гэдгээ зөвшөөрнө үү. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 158-159 нүүр/

Төгс Жаргалт Цэвэр Охин Мариад хандах Талархал-магтаалын мөргөлийн өмнөх даатгал залбирал

Талархал-магтаалын мөргөл(Eucharístia - Eucharist)


Төгс Жаргалт Цэвэр Охин Мариад хандах
Талархал-магтаалын мөргөлийн өмнөх
даатгал залбирал
(Oratio ad beatam Mariam Virginem ante missam -
Prayer to the Blessed Virgin Mary Before Mass)

Аяа, итгэлт, өршөөлт Эх минь, Төгс Жаргалт Цэвэр
Охин Мариа минь. Зохисгүй гэм нүгэлтэн, мөхөс би
хамаг сэтгэлээрээ, хамаг хайраараа тандаа очиж яваа
юм. Загалмайд өлгөгдсөн хайрт Хүүгийнхээ дэргэд
зогсож байсныхаа адилаар та Хүүгийн тань туйлын
ариун биеийг хүртэх гэж буй гэм нүгэлтэн мөхөс
миний болон бүх сүсэгтнүүдийн дэргэд зогсоно уу
хэмээн таны энэрэл хайраар уламжлан би залбиран
гуйж байна. Та хишиг ивээлийнхээ дэмээр уламжлан
түүнийг зөв зохистойгоор, үр шимтэйгээр хүртээн
соёрхоно уу. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 158 нүүр/

Акуйно нутгийн Томас гэгээнтний зохиосон Талархал-магтаалын мөргөлийн өмнөх даатгал залбирал

Талархал-магтаалын мөргөл
(Eucharístia - Eucharist)

Акуйно нутгийн Томас гэгээнтний зохиосон
Талархал-магтаалын мөргөлийн өмнөх
даатгал залбирал
Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Oratio sancti Thomae Aquinatis ante missam -
Prayer of Saint Thomas Aquinas Before Mass)
Төгс хүчит, мөнхийн Тэнгэрбурхан минь. Одоо би
Есүс Христ бидний Эзэн, таны гагц Хүүгийн үндсэн
ёслолыг хүртэж байна. Би энэхэн үндсэн ёслолыг
амьдралын эмч рүү очиж яваа өвчтэй хүний адилаар,
өршөөлийн эх булаг руу очиж яваа бузар хүн мэтээр,
мөнхийн гэгээн гэрэл рүү очиж яваа сохор хүний
адилаар, тэнгэр газрын Эзэн Тэнгэрбурхан руу очиж
яваа ядуу хүн мэтээр хүртэж байна.
Та уудам сэтгэлээрээ уламжлан миний өвчнийг
илаарьшуулж, бузрыг арилгаж, харанхуйг гийгүүлж,
хоосонг дүүргэж, нүцгэнийг хувцаслана уу. Тиймийн
тул би сүнснийхээ аврал болох, Тэнгэр элч нарын
амин талх болох хаадын Хаан, эздийн Эзэнийг
хүндлэл ба дорд сэтгэлээр, гэмшил ба сүсгээр, итгэл
ба цэврээр, дур зориг ба шулуудсан сэтгэлээр хүлээн
авах болно.
Зөвхөн Эзэний бие ба цусны үндсэн ёслолыг хүртэх
бус үндсэн ёслолын бодит зүйлс ба хүчин чадлыг
надад давхар хүртээн соёрхоно уу хэмээн би танаас
залбиран гуйж байна.
Аяа, туйлын сайн сайхан Тэнгэрбурхан минь. Та
надад Охин Мариагаас мэндэлсэн өөрийн гагц Хүү
Есүс Христ бидний Эзэний биеийг хүртээнэ үү.
Тийнхүү би түүний нууцлаг биед орох ба түүний
эрхтнүүдийн нэгд тооцогдох зохистой нэгэн болох болно.
Аяа, туйлын хайрт Эцэг минь. Та өөрийн хайрт Хүүг
надад хайрлан соёрхоно уу. Тийнхүү одоо би энэхэн
амьдралынхаа замд үзэгдэх байдал нь далдлагдсан
түүнийг хүлээн аваад, эцэст түүнтэй нүүр тулан
үргэлжид түүнийг илээр харах болно. Тэрээр тантай
болон Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж,
хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 156-158 нүүр/