2015년 12월 15일 화요일

Гурвалд хандах талархлын өчиг

Гурвалд хандах талархлын өчиг
Сиена хотын Катерин гэгээнтэн (1347-1380)
(Gratiarum actio ad Trinitatem - Act of Thanksgiving to the Trinity)

Аяа мөнхийн Тэнгэрбурхан, аяа мөнхийн Гурвал минь. Та тэнгэрлэг мөн чанартайгаа нэгдсэнээрээ амин ганц Хүүгийнхээ цусыг тийм их эрдэнэт болгосон.

Мөнхийн Гурвал минь, та тэнгис далай мэт гүн билээ. Тэнд таныг хайх тусмаа олдог, олох тусмаа хайдаг билээ. Та сүнсийг минь тогтворгүй байдлаар хангадаг.
Учир нь, танаар цаг ямагт өлсөж цангаж байдаг миний сүнсийг мөнхийн Гурвал та ёроолгүй
гүн дотроо хангасаар атал гэгээн гэрлийн тань дотор таны гэгээн гэрлийг харах хүсэл, эрмэлзэл миний сүнсэнд үүрд хэвээр байдаг.

Мөнхийн Гурвал минь, би таны нууцын ёроолгүй гүн болон таны бүтээлүүдийн гоо сайхныг оюун ухааны гэгээн гэрэлтэйгээр амссан билээ. Учир нь, таны дотор өөрийгөө харахдаа би өөрийгөө таны дүр төрхийн адил болохыг олж харав.
Мөнхийн Эцэг минь, та хүчин чадлаасаа, түүнчлэн өөрийн амин ганц Хүүгийн эзэмших билиг ухаанаас тус билиг ухааныг надад хайрласан билээ. Танаас болон Хүүгээс гардаг Ариун үнэн Сүнс таныг хайрлах чадвартай дур зоригийг надад өгсөн билээ.

Мөнхийн Гурвал минь, та бүтээгч, би бүтээл мөн.
Амин ганц Хүүгийнхээ цусаар уламжлан та намайг бүтээж сэргээснийг таны соён гийгүүлсний тусаар би мэдэж авсан билээ. Учир нь, түүний энэрэл хайр таны бүтээлийн гоо сайханд автсан билээ.
Аяа мөнхийн Гурвал, аяа Тэнгэрбурхан, аяа ёроолгүй гүн, аяа тэнгис далай! Та надад өөрийгөө өгөхөөс илүүтэй өөр юуг өгөх сөн билээ? Та бол мөнхөд дүрэлзэх унтаршгүй гал дөл. Та бол өөрийгөө хайрлах миний аминч хайрыг илч гэрлээрээ мөхөөх гал дөл.

Та бол алив хүйтнийг хариулж, гэгээн гэрлээрээ оюун ухааныг гийгүүлэх гал дөл бөгөөд таны гэгээн гэрэл үнэнийг тань надад мэдүүлсэн билээ.
Энэхүү гэгээн гэрлийн толиор би таныг таньж мэдсэн билээ. Та бол туйлын сайн сайхан, сайн сайхнаас төгс сайхан, баяр жаргалт сайн сайхан, ухаарч хүршгүй сайн сайхан, үнэлж баршгүй сайн сайхан, гоо сайхнаас үзэсгэлэн сайхан, билиг ухаанаас төгөлдөр билиг ухаан. Та өөрөө билиг ухаан, та тэнгэр элч нарын амин зуулга, та хүн төрөлхтөнд соёрхогдсон энэрэл хайрын гал дөл.

Аяа, мөнхийн зөөлөн Гурвал минь. Та бол миний нүцгэн байдалд нөмөргөх нөмрөг. Та бол бидний цангаж, өлсөж буй байдлыг хангах зөөлөн амин зуулга. Танд алив гашуун гэж үгүй. Амэн.

/Даатгал залбирлын СУДАР ном, 39 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기