Охины нэр алдар Мариа байсан
Клайрво хийдийн Бернард гэгээнтэн (1090-1153)
(Et nomen virginis Maria - And the Virgin’s name was Mary)
Охины нэр алдар Мариа байсан хэмээн өгүүлжээ.
Түүний нэр алдар Зүгийг заагч од хэмээсэн утгатай
тул Мариад зөв зохистой зориулагдсан нэр алдраас
эргэцүүллээ эхэлцгээе.
Тэрээр Иаковоос мэндэлсэн тус үнэн од бөгөөд
түүний алдрын туяа дэлхий даяарыг гийгүүлдэг юм.
Хэрэв амьдралд сорилтын шуурга шуурч, гай зовлон
тохиовоос чи тэр одын зүг ширтэж, Мариад залбиран
гуй.
Хэрэв чи омог бардам, их санаатай болох аваас, хэрэв
урвалт няцалт, атаа жөтөө чамайг сорих бөгөөс тэр
одын зүг ширтэж, Мариад залбиран гуй.
Хэрэв уур хилэн эсхүл махан биеийн хүсэл тачаал
сүнсийг чинь үймүүлэх аваас Мариаг ширтэн хар.
Хэрэв гэмт хэргийн улмаас цэвэр бус ухамсраар
шүүлтийн ирээдүйг машид сандран бодохдоо чи
гуниг гаслангийн гүн далайд живж эхэлвээс Мариаг
санаж, түүнийг эргэцүүл.
Аюулын цагт, түгшүүртэй үед, эргэлзэхийн мөчид
Мариаг санаж, түүнээс залбиран гуй. Чиний ам
түүний үгээс хол хөндий бүү болог. Чиний зүрх
сэтгэл түүний зүрхнээс хол хөндий бүү байг.
Түүнийг дагах бөгөөс чи зөв явж байна.
Түүнд залбирах бөгөөс чи сэтгэлээр үл унана.
Түүнээс зөвлөгөө авах бөгөөс чи үл эндүүрнэ.
Тэр чамайг тэтгэх бөгөөс чи үл унана.
Тэр чамайг хамгаалах бөгөөс чи юунаас ч үл айна.
Тэр чамайг хөтлөх бөгөөс чи үл ядарна.
Тэр чамайг ивээх бөгөөс чи зорилгодоо хүрнэ.
Тийн бөгөөс Охины нэр алдар Мариа байсан хэмээн
үнэн зөв өгүүлснийг чи өөрөө үнэхээр мэдэрч чадна.
Амэн.
/Даатгал залбирлын СУДАР ном, 237-238 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기