2015년 12월 15일 화요일

Пап лам I Клэмэнт гэгээнтний зохиосон даатгал залбирал

Пап лам I Клэмэнт гэгээнтний зохиосон
даатгал залбирал
Пап лам I Клэмэнт гэгээнтэн (†99/101)
(Oratio sancti Clementis I - Prayer of Saint Clement I)

Хамаг бүтээлийн үндсийн үндэс Эцэг минь, бид таны
алдарт найдах болтугай.
Та цор ганц, дээдийн дээд, ариунаас ариун болохыг
ухаарахын тул бидний зүрх сэтгэл танд нээлттэй
байх болтугай.

Та дээдсийн бардам сэтгэлийг дорд үздэг, та
бурхангүйчүүдийн сэтгэл санааг үймрүүлдэг.
Та эгэл даруу занг өргөмжилдөг, та бардам ихэрхүү
сэтгэлийг басамжилдаг.
Та хоосруулдаг, та баяжуулдаг.
Та үгүйрүүлдэг, та авардаг, та амилуулдаг.
Та сэтгэлийн гагц ач буянтан, хамаг бие махбодын
гагц Тэнгэрбурхан.

Та ёроолгүй гүнд нэвтрэн ордог.
Та хүмүүсийн үйлдлийг ажиглан хянадаг.
Та аюулд өртсөнд туслаж, найдвар алдсныг авардаг.
Та хамаг амьдыг бүтээгч ба сахигч.
Та дэлхий дээрх үндэстнүүдийг олон болгодог
бөгөөд тэдний дундаас Есүс Христээр уламжлан
таныг хайрладаг хүмүүсийг сонгож авдаг. Хүүгээрээ
та биднийг хүмүүжүүлж, биднийг ариусгаж, биднийг
эрхэмд тооцдог.

Аяа, Эзэн минь. Та бидний тэтгэгч, бидний туслагч
болно уу гэж танаас залбиран гуйж байна.
Зовлонт манай хүмүүсийг чөлөөлж, даруу занг
нигүүлсэн соёрхож, унасныг босгож, ядуучуудыг
тосож, өвдсөнийг илаарьшуулж, төөрсөн үндэстнийг
өөрийн зүг эргүүлэн өөрчилж, өлссөнийг хооллож,
бидний хоригдогсдыг чөлөөлж, мунхагийг
сэнхрүүлж, эргэлзэгчдэд зөвлөх болтугай. Та гагц
Тэнгэрбурхан, Есүс Христ таны хүү, бид таны
ард түмэн, таны хонин сүрэг мөн хэмээснийг бүх
үндэстнүүдэд таниулах болтугай.
Та үнэхээр ертөнцийн мөнхийн үндэс суурийг
үйлдлээрээ илчилсэн бөгөөд газар дэлхийг бүтээсэн
билээ.
Та бол хамаг үеүдэд үнэнч, шүүлтэд шударга,
хүчин чадал ба сүр жавхланд бишрэлтэй, бүтээн
байгуулахдаа ухаантай, тогтоохдоо болгоомжит,
үзэгдэхүйн зүйлст сайн сайхан, танд итгэгчдэд үнэнч
хийгээд өгөөмөр, басхүү өршөөнгүй.
Та бидний шударга бус явдал, нүгэл, хилэнц, гэмийг
өршөөнө үү.

Зардсынхаа үйлдсэн хамаг гэм нүглийг бүү тооц,
харин үнэн дотроо биднийг ариусгаж, бидний амьд
явахуйг удирдан зална уу. Тиймийн тул бид сүсэг
бишрэл, шударга ёс, чин зүрх сэтгэлээр явж, таны ба
удирдагчдынхаа өмнө тааламжит бөгөөд буянт ажил
үйлсийг үйлдэх болно.

Аяа, Эзэн минь, өөрийн мэлмийг бидний дээр
гийгүүлнэ үү. Тиймийн тул таны хүчит мутрын ивээл
дор бид амар тайванд таны сайн сайхныг амсаж
эдлэх бөгөөд таны сунгасан мутраар бид хамаг гэм
нүглээс гэтэлж, биднийг шударга бусаар буруутгах
хүмүүсээс чөлөөлөгдөх болно.

Танд үнэн ба итгэл дотор сүсэгтэйгээр хандсан
бидний урд үеүдийн өвөг дээдэст үзүүлснийхээ
адилаар та бидэнд болон хүн төрөлхтөнд энх тайван
ба эв найрамдлыг хайрлана уу. Гагц та үүнийг болон
улам сайн сайхныг бидэнтэй хамтран үйлдэж чадна.
Танд бид сүнснүүдийнхээ ивээгч болох Есүс Христ
тэргүүн тайлгачаар уламжлан мөргөдөг бөгөөд
түүгээр уламжлан танд сүр жавхлан, сүр хүчийг одоо
болон үүрд мөнхөд болготугай. Амэн.


/Даатгал залбирлын СУДАР ном, 47-49 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기